09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 03:33
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Артиллерийн дивизионы захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ахмад Г.Гантогтохтой цэргийн алба, энхийг сахиулах ажиллагаа, гэр бүл, спортын амжилт болон залуу офицеруудын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр багаасаа цэргийн мэргэжлийг сонирхож, спортоор дамжуулан тэсвэр хатуужил, сахилга бат, төвлөрлийг өөртөө төлөвшүүлсэн нэгэн. Ажил албаны зэрэгцээ гийрийн спортоор хичээллэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж буй тэрээр цэргийн алба хаагч хүний хөгжил, гэр бүлийн үнэ цэн, цаг үеийн шаардлагад нийцсэн шинэ санаачилгын талаар өөрийн байр сууриа хуваалцлаа.
Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Эрхэм уншигчдын амрыг эрэн мэндчилье. Намайг Ганбатын Гантогтох гэдэг. Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрж өссөн, гурван хүүхэдтэй айлын том хүү. 2014-2019 онд ҮБХИС-ийн Артиллер, зэвсгийн тэнхимд суралцаж, артиллерийн командын офицер мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний 327 дугаар ангидаа томилогдон ажлын гараагаа эхлүүлж шат дараалсан албан тушаалд томилогдон ажиллаж байна. Ажлын гараагаа сайн хүмүүсийн дунд эхлүүлсэндээ баярладаг. Тухайн үед намайг угтаж авсан штабын дарга, батарейн захирагч зэрэг мундаг офицеруудтай хамт ажиллаж их зүйл сурсан. Тэдний зааж сургасан цэргийн алба, сургалт бэлтгэл, ажилдаа хариуцлагатай хандах чанарыг зарчмаа болгож явдаг.
Айлын том хүү цэргийн алба хаагч болох шийдвэрийг яагаад гаргасан тухай сонирхъё?
-Миний хоёр нагац ах Хэнтий аймгийн Дадал сумын хилийн заставд ахлагчийн бүрэлдэхүүнд алба хаасан. Товчхондоо ах нараараа бахархаж багаасаа л цэргийн хүн болох хүсэлтэй болсон. Харин 2014 онд "Шонхор" зуслангаас зохион байгуулсан "Ирээдүйн генералууд" реалити шоунд оролцож амьдралынхаа хамгийн зөв хаалгыг нээсэн. Тухайн үед биднийг удирдан чиглүүлж, тэмцээнд бэлтгэж, үлгэр дуурайл болсон хүн бол одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба байсан юм. Улмаар тус шоунд амжилттай оролцож урилгаар ҮБХИС-д элсэн орсон. Ер нь цэргийн алба хаагч байна гэдэг ихээхэн тэвчээр, хүлээцтэй байдал шаарддаг. Харин тэр тэвчээрийг би цэргийн сургуульд орохоосоо ч өмнө спортоор хичээллэж байхдаа тодорхой хэмжээнд олж авсан гэж боддог доо.
Таныг удахгүй ДАШТ-д оролцоно гэж сонссон. Тэгээд ч ярианаас нь багаасаа спортоор хичээллэсэн нь шууд мэдрэгдэж байна шүү.
-Би дөрөвдүгээр ангиасаа арван нэгдүгээр анги хүртлээ жүдо бөхөөр завсарлалгүй хичээллэсэн. Гэхдээ хүнд тохирох, тохирохгүй спорт гэж байдаг юм билээ. Хэдийгээр жүдогоор олон жил хичээллэсэн ч зорьсон амжилтаа гаргаж чадаагүй. Тэгээд өөрийгөө өөр спортоор сорьж үзье гэж шийдээд, 2023 оноос БНХАУ-д суралцаж байхдаа туухай өргөлт буюу гийрийн спортыг сонирхож бие даан хичээллэж нэгэн тажикстан найзтайгаа хамт бэлтгэл хийдэг байсан. Найз маань надад үндсэн техник, бэлтгэлийн арга барилын талаар их зүйл зааж өгснөөс гадна энэ спорт миний биеийн онцлогт их тохирч байх шиг санагдсан. Тиймээс богино хугацаанд тодорхой амжилт гаргаж эхэлсэн байх аа. Одоо бол ангийн биеийн тамирын офицер, хошууч Н.Мөнхболд багшаасаа заавар зөвлөгөө авч бэлтгэлээ хийж байна.
Гийрийн спортоор хичээллээд ердөө гуравхан жил болж байгаа ч дэлхийн аваргад оролцох хэмжээнд хүрсэн байгаа нь тууштай бэлтгэлийн үр дүн гэвэл буруудахгүй байх. Яагаад энэ спортыг сонгов?
-Цэргийн алба, тэр дундаа байлдааны ажиллагаанд бие бялдрын өндөр бэлтгэл, ачаалал даах чадвар, хурд, тэсвэр хатуужил, хамгийн гол нь ямар ч нөхцөлд сандралгүй төвлөрч ажиллах чадвар шаарддаг. Тиймээс энэ спорт яг цэргийн хүнд хэрэгтэй чадваруудыг хөгжүүлдэг, цэрэгжилтийн спортод ойр юм байна гэж үзээд сонгосон. 2023 онд хичээллэж эхлээд 2024 оны УАШТ-д амжилттай оролцож, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Харин 2025 онд амжилтаа ахиулж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 2025 оны дэлхийн аваргад оролцох эрхийг авсан ч тодорхой шалтгааны улмаас амжаагүй. Харин энэ жил дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ эрчимжүүлээд, өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийж байна.
Үндсэн ажлынхаа хажуугаар спортоор хичээллэхэд цаг зав их шаарддаг байх. Ар гэр, ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Манай эхнэр бид хоёр 2015 онд танилцсан. Оюутан байхдаа хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон. Эхнэр маань мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажилладаг цэргийн алба хаагч бүсгүй. Одоогоор БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуу гэр бүлүүдэд олон давуу тал бий гэж боддог. Хотынх шиг түгжрэл, утаа байхгүйгээс гадна өдөр тутмын хэрэгцээт зүйлс харьцангуй ойрхон байдаг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхдүүддээ цаг гаргах боломж илүү байдаг. Залуу офицер хүний хувьд хамгийн чухал зүйл бол цагийн зөв төлөвлөлт. Би бэлтгэлээ долоо хоног бүрээр төлөвлөж, тухайн долоо хоногт ямар бэлтгэл хийх, дараагийн долоо хоногт юунд түлхүү анхаарах вэ гэдгээ урьдчилан гаргадаг. Өдөрт дунджаар гурван цагийг бэлтгэлдээ зориулж байна.
Мэдээж үүнийхээ хажуугаар албан үүргээ чанартай гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байгаа. Шинэ хэл эхнээс нь сурахад одоогоор цаг зав бага байгаа ч өөрийн эзэмшсэн хэлний мэдлэгээ ахиулж, тогтмол суралцахыг хичээсээр байна. Сонирхуулахад манай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл харьцангуй сайн. Албаны байр, орон сууцны хүрэлцээ, хүртээмж боломжийн, дэд бүтэц ч сайн хөгжсөн. Мөн хажуудаа цахилгаан станцтай учраас алба хаагчид ажиллаж, амьдрахад тав тухтай нөхцөл бүрдсэн байдаг.
Тиймээс орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын хувьд ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, спортоор хичээллэх, гэр бүлдээ цаг гаргах өргөн боломж их байна. Гагцхүү тэр боломжоо зөв ашиглаж, цаг заваа зөв төлөвлөж чаддаг байх нь хамгийн чухал. Би бол ажил алба, ахуй амьдралдаа хангалттай цаг гаргаж сэтгэл хангалуун явдаг жирийн нэгэн залуу офицер доо.
Гэр бүлээрээ цэргийн алба хаагч байна гэдэг бахархалтайгаас гадна хариуцлагатай байдаг байх. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа гэргийн тань тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдлаа ...
-Манай эхнэрийг Х.Наранчимэг гэдэг Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Хоёр хүүхдийн минь халамжит ээж, үзэсгэлэнтэй бүсгүй байдаг. Хоёулаа цэргийн алба хаагч байна гэдэг маш их хариуцлага шаарддаг ч бид ажил үүргээ амжилттай гүйцэтгэж яваадаа баяртай байдаг. Энэ ташрамд "Ханьдаа маш их хайртай шүү" гэдгээ танай сониноор дамжуулан хэлмээр байна.
Сэтгэл хөдөлж байна шүү. Гэргийгээ ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх бүтэн жилийн хугацаанд ар гэрээ дааж үлдэх хэр байв?
-Үнэндээ энэ жил надад амрах зав бараг л гарсангүй. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй үлдсэн болохоор өглөө эрт босож хоолыг нь бэлдэнэ. Өдөр хичээлээс нь авч, хоол унд, хэрэгцээтэй зүйлсийг нь зохицуулна. Хажуугаар нь өөрийнхөө бэлтгэлийг хийж, ажлаа хийнэ гэхчлэн ажил мунддаггүй. Тиймээс үнэхээр ачаалалтай жил байлаа (Инээв). Гэхдээ бид гурван маш сайн байсаар ээжийгээ ирэх өдрийг хоног тоолон хүлээж байна.
Та өмнө нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан цэнхэр дуулгатан. Харин энэ удаа гэргийгээ ажиллагаанд үдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би 2021-2022 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ажиллагааны газар орон ямар байдгийг өөрөө мэднэ тэр ч утгаараа хайртай хүнээ тэр хол газар руу явуулах амар байгаагүй. Анхандаа явуулахгүй гэж бодсон. Гэхдээ эхнэр маань "Яагаад би үлдэх ёстой юм бэ? Би ч бас тангараг өргөсөн цэргийн алба хаагчийнхаа хувьд явж үзмээр байна" гэж өөрийн хүсэлтээр шийдсэн.Түүнийхээ хүсэл тэмүүлэл, цэргийн албыг хүндэтгээд нүдээ аниад л явуулсан даа. Эрэгтэй, эмэгтэй гэх ялгаагүй, цэргийн тангараг өргөсөн хүн өөрийн туулах ёстой зам, шалгуураа давж энэ албаны эзэн болдог. Ажиллагааны газар оронд хөл тавьж, цэнхэр дуулга өмнөх нь өөрөө бахархал шүү дээ.
Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүн байна гэдэг өөрөө нэг төрлийн "алба" юм шиг санагдлаа. Хүлээх, зохицуулах, тэвчих нь хүүхдүүдэд хүртэл суучихдаг юм болов уу?
-Ер нь тийм шүү. Хүлээх гэдэг өөрөө хүнийг их хүмүүжүүлдэг юм байна лээ. Жишээ нь, би эхнэрээ ажиллагаанд явуулчхаад хүлээж байгаа. Харин хүүхдүүд маань аавыгаа шөнө 11, заримдаа 12 цаг хүртэл хүлээнэ. Заримдаа өглөө босоход аав нь байхгүй. Гэхдээ аав нь хоолыг нь хийчихсэн, гэрээ цэвэрлэчихсэн байвал "Аавгүй юм шиг амьдарч байгаа мөртлөө аавтай юм шиг" санагддаг байх. Тэгэхээр бидэнтэй адилхан тэд бас хүлээж, тэвчиж, өөрсдийнхөөрөө үүргээ гүйцэтгэж байгаа юм шиг санагддаг.
Өнөөгийн Зэвсэгт хүчин цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Таны хувьд энэ өөрчлөлтийг хэрхэн мэдэрч байна вэ?
-Зэвсэгт хүчин цаг үеэ дагаад өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Тиймээс сар бүр ямар нэг шинэ санаачилга гаргаж, ажилдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Ялангуяа хиймэл оюун ухаан, автоматжуулалттай холбоотой ажлуудыг сонирхож байгаа. Үүний үр дүнг цаашдаа тодорхой хэмжээнд харж чадна гэж бодож байна. Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчдын бэлэн байдлыг хангахтай холбоотой зарим зүйлийг илүү орчин үеийн, хялбар, аюулгүй болгох чиглэлээр ажиллаж байна. Мөн тагнуулын чиглэлийн тэмцээнд зориулж хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын төвд тодорхой төхөөрөмж, сургалтын орчныг өөрийн боломжийн хүрээнд бэлтгэж байгаа.
Дараагийн нэг чиглэл бол хиймэл оюун ухаан ашиглан цахим контент бэлтгэж, бие бүрэлдэхүүндээ хүргэх явдал юм. Өмнө нь бид номоос уншиж ойлгодог байсан бол өнөөгийн залуучууд богино, ойлгомжтой контент, дүрс бичлэгээр мэдээллийг илүү хурдан хүлээж авдаг болжээ.
Энэ өөрчлөлт зөвхөн техник технологийн асуудал биш, хүний сэтгэл зүй, мэдээлэл хүлээж авах арга барил ч өөрчлөгдөж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Хүмүүсийн анхаарал төвлөрөл, мэдээлэл хүлээж авах арга хэлбэр өөрчлөгдсөн. Үүнтэй дасан зохицохоос өөр аргагүй. Энгийн амьдрал дээр хүмүүс яаж байна, түүнийг цэргийн албанд хэрхэн буулгах вэ, хүмүүсээ хэрхэн сэдэлжүүлэх вэ, бэлэн байдлаа хэрхэн хангах вэ гэдэг дээр байнга бодож, анализ хийж ажиллахыг зорьдог.
Сүүлийн жилүүдэд залуу офицер, ахлагч нарын хөгжлийг онцолж байна. Өнөөгийн залуусын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Миний ажигласнаар шинээр төгсөж ирж байгаа зарим офицер, ахлагчийн алсын хараа, төвлөрөл бага зэрэг сул байна. "Ажиллагаанд явчих юм сан", "Сургалт, дамжаанд хамрагдчихъя" гэсэн хувийн зорилго давамгайлах болжээ. Харин "Зэвсэгт хүчнээ хөгжүүлье, энэ хөгжилдөө өөрийгөө дайчилъя, өөрийгөө боловсруулъя" гэсэн илүү өргөн хүрээний бодолтой залуучууд харьцангуй цөөн санагддаг. Тиймээс энэ залуучуудыг хөгжүүлэх нь анги салбарын удирдлагын үүрэг гэж хардаг. Тэднийг зөв зүйлд уриалж, чиглүүлж, хөгжүүлж байж улс орныхоо аюулгүй байдлыг хангах чадвартай боловсон хүчнийг бэлтгэнэ.
Өнөөдөр ажил горилогч залуус "4-5 жил ажиллаад үзье" гэсэн хандлагатай болжээ. Та шинэ алба хаагчидтайгаа хэрхэн ажилладаг вэ?
-Хүн бүрийн зан чанар өөр. Анх тухайн хүнийг хараад сэтгэл зүй, зан аашийг нь тодорхой хэмжээнд ажиглана. Тайван, хүлээцтэй хүн байхад нь хэт шахаад байх шаардлагагүй. Харин жаахан тэвдэмтгий, түргэн ааш авиртай хүнийг загнаад байвал улам цаашаа явчихдаг тал бий. Тиймээс тухайн хүний сэтгэл зүйн байдал, нөхцөлд нь тохируулж ажлаа зохицуулах хэрэгтэй. Нэг л арга барилаар бүх хүнийг удирдаж болохгүй. Ах шиг нь байх үедээ ах шиг нь, найз шиг нь байх үедээ найз шиг нь, дарга шиг нь байх үедээ дарга шиг нь байж чаддаг байх хэрэгтэй гэж боддог доо.
Цаг гаргаж чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: Соёмбо сонин, ДЭСЛЭГЧ П.СИЙЛЭГМАА