08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 20:22
Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга Б.Батцэцэг COP17-ын "Санхүүгийн өдөр"-ийн хүрээнд болсон "Fashion4Land" форумын "Загварын салбарын стандартыг чиглүүлэх нь: Тогтвортой зохицуулалтын талаар бодлогын яриа хэлэлцээ" сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд оролцож, үг хэллээ.
Энэхүү арга хэмжээний зорилго нь улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон загварын салбарын төлөөлөгчид оролцож, загварын салбарын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, тогтвортой байдлын стандарт, зохицуулалтыг боловсронгуй болгох, тэдгээрийн уялдааг хангах асуудлаар санал солилцох юм.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ загварын салбар, газрын доройтол болон экосистемийн тогтвортой байдал нь хоорондоо нягт уялдаатайг тэмдэглэж, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийн түүхий эдийн цаана газар, ус, хөрс, бэлчээр зэрэг байгалийн нөөцөөс гадна тэдгээрээс амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хөдөлмөр, амьжиргаа байдгийг онцлов. Энэ хүрээнд Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ноолуурын салбар нь 190 мянга орчим малчин өрхийн амьжиргаатай шууд холбоотойг дурдав.
Түүнчлэн загварын салбарт нэвтэрч буй байгаль орчны шинэ стандарт, зохицуулалт нь үйлдвэрлэгчдэд нэмэлт дарамт учруулах бус, харин тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлд шилжих боломжийг бүрдүүлэхэд чиглэх ёстойг тэмдэглэв. Үүний тулд ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид, түүхий эд нийлүүлэгчид болон малчдыг шинэ шаардлагад нийцэн ажиллахад шаардлагатай мэдлэг, технологи, санхүүжилтээр дэмжихийн чухлыг онцоллоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын "Fashion & Land: Unravelling the Environmental Impact of Fibres" тайланд дурдсанаар дэлхийн хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эдийн хэмжээ 2000 онд 58 сая тонн байсан бол 2023 онд 124 сая тоннд хүрч, цаашид өсөх төлөвтэй байна. Энэ нь загварын салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зөвхөн нүүрстөрөгчийн ялгарлаар хязгаарлагдахгүй, газрын доройтол, усны нөөц, биологийн олон янз байдал, экосистемийн тогтвортой байдал, түүнчлэн байгалийн нөөцөөс хамааралтай иргэдийн амьжиргаатай шууд холбоотой болохыг харуулж байна.