Ministry of Foreign Affairs of Mongolia

09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 23:36

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БАРУУН БҮСИЙН АЙМГУУД ЦАХИМААР ОРОЛЦЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хамтран Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын ээлжит хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн салбарын хяналтын улсын болон ахлах байцаагчид оролцож, хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал, байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, олон улсын сайн туршлага, холбогдох судалгааны үр дүн, шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Түүнчлэн төрийн хяналтын тогтолцоог эрсдэлд суурилсан, ил тод, давхардалгүй, үр нөлөөтэй болгох, иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр оролцогчид байр сууриа солилцов.

Салбарын хяналтын улсын болон ахлах байцаагчид өдөр тутмын хяналт шалгалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, салбарын онцлогт нийцсэн зохицуулалт бий болгох, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх талаар саналаа хүргүүллээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төслийн дараагийн шатны боловсруулалтад тусгах бөгөөд төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгууллагуудын чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах, хяналтын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд ашиглах юм.

Цаашид хэлэлцүүлгийг:

2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хангайн бүс

2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хойд бүс

2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Зүүн бүс

2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говийн бүсийн улсын байцаагч нарын дунд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 21, 2026 at 05:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]