08/29/2026 | Press release | Distributed by Public on 08/28/2026 16:29
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" уриан дор амжилттай болж өнгөрлөө.
Хоёр 7 хоногийн турш үргэлжилсэн уг бага хурлын үеэр Талууд цөлжилт, газрын доройтол, өсөн нэмэгдэж буй гангийн сорилтыг даван туулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
COP17-ын хэлэлцээний үр дүнд Талууд олон асуудлаарх байр сууриа ойртуулж, Конвенцын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тогтоол, шийдвэрүүдийг баталлаа. Тухайлбал, Конвенцын Ирээдүйн стратегийн хүрээний талаарх Засгийн газар хоорондын ажлын хэсгийн төгсгөлийн тайлан, гангийн асуудлаарх бодлогын хүрээ, Конвенцын 2030 оноос хойших стратегийн хүрээг боловсруулах үйл явцыг үргэлжлүүлэх, Талуудын бага хурал болон түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлаар шийдвэр гаргав.
Түүнчлэн COP17-ыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлсэн тогтоолыг Бүгд хуралдаанаас баталлаа.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан бэлчээрийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлт, бэлчээр ашиглагч иргэд, малчдын оролцоог бэхжүүлэх асуудлыг COP17-ын үр дүнд чухалчлан тусгасан нь бэлчээрийн асуудлыг олон улсын бодлогын түвшинд улам бүр тодотгосон чухал ач холбогдолтой боллоо.
Монгол Улс COP17-ын даргалагч орны хувьд бага хурлын турш Талуудын ялгаатай байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хэлэлцээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй явуулах чиглэлд идэвхтэй ажиллав. COP17 өндөрлөсөн хэдий ч Улаанбаатарт эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, баталсан шийдвэрүүдийг бодит үр дүнд хүргэх ажил цаашид үргэлжилнэ.
Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд COP17-ын даргалагч орны хувьд Талууд болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг шийдлүүдийг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулах болно.