Ministry of Foreign Affairs of Mongolia

08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 00:43

САЙД Ц.ИДЭРБАТ БНХАУ-ЫН ЛАНЖОУГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн Шинжлэх ухаан технолгийн газрын дарга Лиү Гуан Лиан, тус хүрээлэнгийн Судалгаа, олон улсын хамтын ажиллагааны захирал Лиү Шиу Рун нарыг хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Идэрбат уулзалтын эхэнд Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэн Монгол Улсын баруун бүсэд гарсан малын гоц халдварт SAT1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтад зориулсан вакциныг богино хугацаанд нийлүүлсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн харьяа Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэн хооронд сүүлийн хугацаанд өрнүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ.

Манай улсын хувьд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх нь чухал байгаа гэдгийг салбарын сайд онцоллоо.

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн Шинжлэх ухаан технолгийн газрын дарга Лиү Гуан Лиан байгууллагынхаа үйл ажиллагаа, үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн, вакцинуудынхаа талаар танилцуулсан.

Талууд Монгол Улсад шүлхий өвчний тархалтын эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээг авч, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнд үйлдвэрлэж буй шүлхийн вакцины антигений өтгөрүүлгийг худалдан авах боломж, нийлүүлэх нөхцөл, техникийн шаардлагын талаар харилцан санал солилцов.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 24, 2026 at 06:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]