12/24/2025 | Press release | Distributed by Public on 12/24/2025 20:38
Зэвсэгт хүчний 301 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын 22-ний өдөр 2025 оны үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэж, өнгөрсөн онд сахилга бат, мэргэжлийн ур чадвар, ажил үйлсээрээ манлайлсан цэргийн алба хаагчдаа тодруулан шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Баярын хурлыг ангийн захирагч, хурандаа Ө.Баярбадрах нээж, ангийн 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүн, ололт амжилт, цаашдын зорилго, анхаарах асуудлын талаар танилцуулсан. Үүний дараагаар төрийн одон медаль, салбарын шагналаар шагнагдсан алба хаагчдын шагналыг гардуулж, мөн 2025 онд хамт олноо манлайлан ажилласан цэргийн алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-аар Мэргэжилтэн ахлах ахлагч О.Пүрэвсүх, Ээлжийн ахлагч ахлах ахлагч Б.Бадамсэрээжид, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар Орон сууц ашиглалтын албаны дарга хошууч Б.Дашхүү, Мэргэжилтэн хошууч М.Гантулга нар шагнуулав.
Ангийн 2025 оны "Хөдөлмөрийн аварга"-аар Орон сууц ашиглалтын албаны дарга хошууч Б.Дашхүү, "Тэргүүний офицер"-оор Кибер хамгаалалтын офицер дэслэгч Г.Самданжигмид, "Тэргүүний ахлагч"-аар Тасгийн захирагч, техник шалгах байрын дарга сургагч ахлагч Л.Отгонбаатар, "Тэргүүний ажилтан албан хаагч"-аар Нягтлан бодогч энгийн Б.Дэнсмаа нар шалгарлаа. Хурлын үеэр ангийн "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс хамт олны нийтэч уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор хөгжөөнт тэмцээн болон хөгжөөнт бэлэг сугалах ажлыг зохион явууллаа. Баярын хурлын төгсгөлд ангийн бие бүрэлдэхүүн дурсгалын зураг авхуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.