08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/04/2026 20:27
Хүсэл мөрөөдөл гэдэг хэний ч төсөөлж байгаагүй зорилго бас амжилтын хаалгыг нээдэг. Хэн илүү хөдөлмөрлөж, хэн нь илүү тууштай байж, хэн нь илүү хичээснээр л хэмжигддэг мэт. Чимээгүй мөртлөө өдөр тутмын зуршил, үйл хөдлөлийн эерэг давтамжаар түүнийгээ усалж, амжилт, алдаагаа тухай бүрт дэнсэлж, байнгын тууштай байдал эзнээ "гоёдог" онцлогтой. Тиймээс энэ удаагийн nematimes булан залуу офицеруудын жилийн хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид салааны захирагч, дэслэгч Д.Ариунболдыг онцолж байна.
-Миний бие Онцгой байдлын байгууллагад ажиллах болсон шалтгааны нэг нь Гал унтраах техник спортын тамирчин болох мөрөөдлөөс эхэлсэн. Арван жилийн сурагч байхад манай гэрийн хажууд буюу одоогийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн морин тойруулгад гал унтраах техник спортын тэмцээн болдог байлаа. Тухайн үед бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан ах нарыг хараад ийм л тамирчин болно гэж мөрөөдөж эхэлсэн. Улмаар тус тэмцээний өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 3 жил оролцож, 2006 онд 5х80 метрийн буухиа төрөлд мөнгө, 2007 онд 5х80 буухиа, саадтай 80 метр төрөлд тус бүр алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ингэж л хүнд хэрнээ хүндтэй үүргийг хүлээж, тангараг өргөсөн.
-Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа нийслэлийн Сонгинхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас гал сөнөөгчөөр эхэлж, тус ангидаа салааны захирагчийн туслах хүртэл 14 жил ажилласан. Улмаар 2023-2025 онд Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангид салааны захирагчаар ажиллаж байгаад 2025 оноос Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид салааны захирагчаар ажиллаж байна.
-Ажиллах хугацаандаа 3720 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 410 хүний амь нас, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 40.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн нийслэлийн ногоон бүс болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 30 орчим ой, хээрийн гал түймрийн дуудлагаар 105 хоног ажиллаж, 10.611 га ой, хээрийн талбайг гал түймэрт өртөхөөс хамгаалж, унтраах ажиллагаанд оролцсон байна. Баянгол дүүргийн хувьд обьектын болон аврах ажиллагааны дуудлагууд зонхилдог. Он гарсаар 40 гаруй удаагийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан.
-Гал унтраах техник спортоор 18 дахь жилдээ хичээллэж, 2016 онд спортын мастер цол хүртсэн. Энэ хугацаанд 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд мөнгө, 2011 оны бүсийн аваргын байлдааны тархалтын төрөлд хүрэл, 2012 оны улсын аваргын 4х100 метрийн төрөлд алт, 2013 оны бүсийн аваргын саадтай 100 метрийн төрөлд мөнгө, 4х100 метр алт, байлдааны тархалтын төрөлд алт, 2015 онд 4х100 метрийн төрөл болон байлдааны тархалтын төрөлд алт, 2018 оны улсын аваргын саадтай 100 метрийн төрөлд хүрэл, 2023 оны бүсийн аваргын байлдааны тархалтын төрөлд алт, 2026 оны улсын аваргын байлдааны тархалтын төрөлд мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
-Мөн 2004 оноос хойш буюу арван жилийн сурагч байхаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэж байна. Онцгой байдлын байгууллагын анхны "Аврагч" хөлбөмбөгийн клубын тоглогчийн нэг. Манай багийн хамт олон 2019 онд сонирхогчдын улсын аваргаас алтан медаль хүртэж, 2020 2021 оны Монголын хөлбөмбөгийн футзалын дээд лигт хоёр жил дараалан тоглож, тусгай байрт шалгарсан. Спорт бол бие бялдрын зөв хүмүүжил, тууштай байдал, хариуцлага даах болон багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлттэй болгодог. Хичээл, зүтгэлтэй хүнийг амжилтаар шагнаж, урам зориг, итгэл найдварыг бадраадаг гэж ойлгодог.
-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, өссөн. Таван хүүхэдтэй айлын бага нь. Завхан аймгийн Идэр сум, нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар ерөнхий боловсролын сургуулийг 1996-2006 онд суралцаж, төгссөн. Улмаар 2010 онд Үндэсний аврах бригадын гал сөнөөгчийн курс, 2018-2023 онд ДХИС-ийнОнцгой байдлын сургуульд "Онцгой байдал гамшгаас хамгаалах алба" мэргэжил эзэмшсэн. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Б.Гэрэлтуяа гэдэг. "Дархан Минж" ХХК-д ажилладаг. Том охин А.Марал ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн сурагч. Хүү А.Маргад, А.Минжин нар цэцэрлэгт хүмүүждэг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ ууланд алхах, аялалаар явах дуртай. Хайртай гэр бүлдээ, хамт олондоо, найз, нөхөддөө болон Онцгой байдлын албаныхаа нийт бие бүрэлдэхүүнд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа та нартаа.