01/14/2026 | Press release | Distributed by Public on 01/15/2026 04:45
Өлгий сумын нэгдсэн хогийн цэгт өмнө нь хуримтлагдсан хог хаягдал шатаж байгаагаас утаа гарч, тус хогийн цэгийн орчимд оршин суугаа Өлгий сумын зарим багийн иргэдээс гомдол ирсэн.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/20 дугаар захирамжаар Өлгий сумын нэгдсэн хогийн цэгийн газрын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, тус хогийн цэгийг стандартын шаардлага болон хуульд нийцүүлэн булшлан хаах, шинэ нэгдсэн хогийн цэгийг ашиглалтад оруулахтай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжанаар ахлуулан байгуулсан.
Тус ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс мэдээлэл сонсож, асуудлыг цогцоор нь хэлэлцсэн бөгөөд Бугат сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулсан нэгдсэн хогийн цэг нь анх ландфилийн аргаар байгуулагдах ёстой байсан хэдий ч стандартын шаардлагыг бүрэн хангаагүй, түүнчлэн газрын хэмжээний хувьд нэгдсэн хогийн цэгийн ашиглалтын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Иймд шинэ нэгдсэн хогийн цэгийг бүрэн ашиглалтад оруулахын тулд Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ойрын хуралдаанаар тухайн хогийн цэгийн газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор газар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв. Уг асуудал шийдэгдэж, шинэ нэгдсэн хогийн цэг ашиглалтад бүрэн орох хүртэлх хугацаанд хуучин нэгдсэн хогийн цэгийн галыг унтраах, 2-3 сарын хугацаанд түр ашиглах байршлыг тодорхойлох, түр ашиглалтын явцад хийгдэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахаар ажлын хэсэг төлөвлөлөө.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжанаар ахлуулсан ажлын хэсэг хуучин нэгдсэн хогийн цэгт биечлэн очиж, газар дээрх нөхцөл байдалтай танилцан, холбогдох байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Хуучин нэгдсэн хогийн цэгийг түр хугацаанд ашиглах байршлыг албан ёсоор тодорхойлж, тухайн газрыг аюулгүй байдлын үүднээс далангаар тойруулах ажлыг шуурхай зохион байгуулах, уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд өглөө.
2. Хогийн цэгээс гарч буй утааг унтраах, шаталтын сөрөг нөлөөг арилгах, дахин шаталт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос мэргэжлийн байгууллага, техникийн багийг урьж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.