Ministry of Foreign Affairs of Mongolia

09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 00:20

АРХИНЫ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ 2026-2028 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 165 дугаар захирамжаар байгуулагдсан "Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг дахь сөрөг нөлөөг бууруулах нөлөөллийн аяныг улсын хэмжээнд өрнүүлэх, тус аяны хүрээнд салбар дундын уялдааг хангасан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг"-ийн гуравдугаар хуралдаан боллоо.

Хурлаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх 2026-2028 оны арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний уялдаа холбоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "SAFER" зөвлөмжтэй уялдуулан, архины зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэсэн нотолгоонд суурилсан, үр нөлөөтэй, салбар дундын хамтын ажиллагааг хангасан арга хэмжээг тусгах чиглэл өглөө.

Төлөвлөгөө батлагдсанаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, архины зохисгүй хэрэглээний сөрөг үр дагаврыг бууруулах бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон зохион байгуулалтын үндэс бүрдэх юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 10, 2026 at 06:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]