Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 19:16

АНГИОГРАФИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн иргэд нэгдсэн эмнэлгээсээ ангиографийн оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг авах боломжтой боллоо.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт Ангиографийн оношилгоо, эмчилгээний аппаратыг суурилуулж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Дүүргийн Засаг дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн удирдлага, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж буй ангиографийн оношилгоо, эмчилгээний тэргүүлэх эмч мэргэжилтнүүд, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт суурилуулсан ангиографийн аппарат нь Монгол улсад ажиллаж буй ижил төрлийн аппаратуудын 21 дэх аппарат бөгөөд Герман улсад үйлдвэрлэсэн Siemens брэндийн Artis Zee Biplane загварын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппарат юм.

Ангиографийн технологийн гол давуу тал нь судасны эмгэгийг өндөр нарийвчлалтай оношлохоос гадна шаардлагатай тохиолдолд дүрсийн хяналт дор эмчилгээний ажилбарыг нэг дор хийх боломжтой байдаг.

Дүүргийн түвшинд ангиографийн технологи нэвтэрснээр үйлчлүүлэгчид гуравдугаар шатлал руу явж цаг хугацаа алдалгүй, ойрын цэгээс тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Дүүргийн иргэдээс гадна харьяалал харгалзахгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Бид ангиогарфийн аппаратыг суурилуулснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд нийт 5 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Хүн амд хэрэгцээтэй тусламж, үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж ангиографийн аппаратыг суурилуулахад дэмжлэг үзүүлсэн эрхмүүд, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зөвлөж тусалж буй мэргэжлийн эмч нарт талархал илэрхийлье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 01:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]