Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 20:41

ЯПОН УЛСЫН ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд генерал Арай Масаёоши Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилсон ба хүндэт зочдыг Зуунмод цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авч, үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженерийн салбарын хамтарсан сургалт болон цэргийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин бэхжиж байгааг онцлоод, энэ хүрээнд хэрэгжиж буй "Зам" хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болж төлөвшсөнийг тэмдэглэв.

"Зам" хамтарсан сургалт, дадлага 2014 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 12 дахь удаагаа хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 гаруй цэргийн алба хаагч тус сургалтад хамрагдаж, цэргийн инженерийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэл, чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. "Зам" сургалт, дадлагын үр дүн, хуримтлуулсан туршлагыг цаашид бататган, цэргийн инженерийн чиглэлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн сургалт, боловсон хүчний бэлтгэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын дараа генерал Арай Масаёоши тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Монгол, Японы цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам-2026" сургалт, дадлагын явцтай танилцана.

Айлчлалын хүрээнд генерал Арай Масаёошиг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 02:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]