09/10/2025 | Press release | Distributed by Public on 09/10/2025 20:03
Монголын татварын алба нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (OECD) болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй (UNDP) хамтран Хил хязгааргүй татварын байцаагч (TIWB) төслийн хүрээнд "Үнэ шилжилтийн чадавхыг бэхжүүлэх" сургалт зохион байгуулж байна. "Үнэ шилжилтийн хяналт шалгалтын туршлага арга зүй" сэдвээр Сангийн яамны Татварын бодлогын нэгжийн мэргэжилтнүүд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, Эрсдэлийн удирдлага, Хуулийн хэрэгжилтийг хангах, Хяналт шалгалт арга зүйн чиг үүргийн албан хаагчид, Том татвар төлөгчийн газар болон Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын байцаагчид зэрэг нийт 50 гаруй албан хаагч эрчимжүүлсэн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж байна. Сургалтыг нээж Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч Матилда Димовска, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын ахлах зөвлөх Томас Балко, Андрю Виола, Хил хязгааргүй Татварын байцаагч хөтөлбөрийн зөвлөх Николас Длужняк болон Татварын ерөнхий газрын Үнэ шилжилтийн хэлтсийн дарга Ц.Одончимэг нар үг хэллээ. Энэхүү үнэ шилжилтийн эрсдэлтэй холбоотой мэргэжлийн сургалт нь олборлох салбарын үнэ шилжилт, эрдэс баялагын үнэ цэнэ, санхүүгийн ажил гүйлгээ, групп доторх үйлчилгээнүүд, менежментийн төлбөр, хөрөнгө оруулагчийн хүүгийн төлбөр, шууд болон шууд бусаар уул уурхайн тусгай зөвшөөрлийн борлуулралт, шилжилт, хил дамнасан харилцан хамааралтай талуудын хооронд татварын суурийг бууруулан ашиг шилжүүлэх /BEPS/ эрсдэлүүдийг багасгах, зөрчил гаргуулахгүй байх, Монгол Улсын татварын суурийг хамгаалах сэдвүүдийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог болж байна. Сүүлийн жилүүдэд татварын хяналт шалгалтаар TIWB хөтөлбөрийн хүрээнд олборлох салбарт татварын суурийг бууруулж ашиг шилжүүлэх зөрчлүүд гарч байгаа нь татварын албаны эрсдэлийн үнэлгээ болон хяналт шалгалтын үйл ажиллагаагаар тодорхойлсон учир Монголын Улсын хувьд маш чухал ач холбогдолтой сэдвүүд юм. Зарим татвар төлөгчдийн хувьд татварын суурийг бууруулж ашиг шилжүүлэх үйл ажиллагаанд оролцож, Монголын Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулж, ашиг болон капиталын өгөөжийг Монгол Улсын хил давуулан татваргүй шилжүүлж байна. Ашиг гадаад оронд шилжиж буй нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд болон улс орны экспорт/импортын статистикт сөрөг нөлөө үзүүлдэг. Албан хаагчид сургалтад оролцоод зогсохгүй сургалтаар олж авсан мэдлэгээ бусад албан хаагч нартаа түгээх боломж бүрдэж байна.