08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 20:22
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 28-ны баасан гарагт албан ёсоор өндөрлөнө.
Тус олон улсын томоохон чуулга уулзалт нь UNCCD COP17 албан ёсны хөтөлбөрийн дагуу 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш амжилттай үргэлжилж, өнөөдөр ийнхүү сүүлийн өдрөө хуралдаж байна. Тэгвэл энэхүү олон улсын хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчин хэд хэдэн хэлбэрээр онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Нэгдүгээрт, олон улсын хурлын үеэр Монгол Улсын цөлжилттэй тэмцэж буй арга хэлбэрүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" төсөл болохыг албаныхан индрээс дурдаж, энэхүү хөтөлбөрийг бодит ажил болгоход Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн голлох үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон явдал байв. Монгол Улс цөлжилттэй тэмцэж буй туршлагаа хуваалцахдаа Зэвсэгт хүчнийхний тарьж ургуулсан мод, байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг олон улсад чухал жишээ болгон танилцуулсан юм.
Хоёрдугаарт, Монгол Улсын энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд тэр дундаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхдээ уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай бүс нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирснийг олон улсын шинжээчид сайшааж, энэ нь COP17-ын "Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая" гэсэн ерөнхий үзэл санаатай шууд уялдаж байгааг талууд онцоллоо.
Гуравдугаарт, олон улсын энэхүү хурлын хамгаалалт, тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж Зэвсэгт хүчний 500 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Түүний дотор Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиас 120 гаруй алба хаагч томилогдон ажиллаж байгаа бөгөөд ингэж үүрэг гүйцэтгэхийн тулд өнгөрсөн 03 дугаар сараас эхлэн бэлтгэл сургалтад хамрагдсан билээ.