09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 02:37
Азийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн Сүлжээний 9 дэх "9th Conference of Asian Network of Occupational Hygiene - ANOH 2026" олон улсын хурлаар Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын 13 улсын 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, аж ахуйн нэгжийн төлөөллүүд нэг дор чуулж байна.
Тус хурал нь ажлын байрны эрсдэл, хортой хүчин зүйлийн өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон улсын мэдлэг, туршлага, шинэ технологийг харилцан солилцох чухал талбар юм.
Хурлын эхний өдөр Монгол Улс дахь хөдөлмөрийн эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна ажлын байрны агаарын чанар, амьсгалын замын тоосонцрын өртөлт, сэтгэц-нийгмийн эрсдэл, ажилтны сэтгэлзүйн сайн сайхан байдал, өртөлтийн мониторинг, эрүүл мэндийн тандалт зэрэг асуудлын талаар хэлэлцэж байна.
Тухайлбал, уул уурхайн салбарын ажилтнуудын амьсгалын замын тоосонцрын өртөлт, гүний уурхайн орчны тоосжилт, агаарын чанар, мөн ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл зэрэг бодит ажлын байрны асуудлыг судалгаа, туршлагад тулгуурлан хэлэлцэнэ.
Ингэснээр хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд олон улсын шилдэг туршлагаас суралцаж, өөрийн байгууллага болон ажлын байранд хэрэгжүүлэх боломжтой шинэ арга аргачлал, мэдлэг, шийдлийг олж авах нөхцөл бүрдэх юм.