Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 00:19

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2023.09.17/ хуралдаж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой санал, байр сууриа нэгтгэлээ. Бүлгийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, төсөв санхүүжилт, тэдгээрийн үр өгөөжийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, 2027 онд нийслэлд хэрэгжүүлэх зарим онцлох ажлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр өнгөрсөн зун нийслэлд хур тунадас их орсонтой холбоотойгоор үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг ханган ажилласныг дурдаад цаашид үер, усны эрсдэлийг зөвхөн хүн хүчний нөөцөөр шийдвэрлэх бус техник, технологид тулгуурласан цогц шийдлээр ажиллах зорилт тавьж байгаа гэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусны буудал дээр иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Бүлгийн хуралдааны үеэр, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих соёл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох шаардлагатайг хөндсөн юм. Тухайлбал, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон нийтэд чиглэсэн мэдээлэл болон нөлөөллийн ажил, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нарийвчлан тусгах хэрэгтэй гэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Төлөөлөгчид 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээ хэт ерөнхий байгаа тул хүрэх үр дүн, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах төсөв, санхүүжилтийг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хэмжих боломжтой байдлаар төлөвлөхийг сануулав.

Мөн газар чөлөөлөлтөд зарцуулах хөрөнгийн талаар тодруулж, ямар байршилд, ямар зориулалтаар газар чөлөөлөх, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг илүү тодорхой тусгах шаардлагатайг анхааруулав. Түүнчлэн хашаа буулгахтай холбоотой төсөв тусгагдсан боловч ямар байршилд, ямар зориулалтын хашааг буулгах талаар тодорхой мэдээлэл дутмаг байгааг онцоллоо. Нийслэлийн хаягжилтын асуудал иргэдийн өдөр тутмын амьдрал, төрийн болон нийтийн үйлчилгээтэй шууд холбоотой чухал асуудал атал 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ чиглэлд санхүүжилт тусгагдаагүйг анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг тусгах санал гаргав.

Төлөөлөгч О.Зундуйдорж 2026 онд хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, 2027 онд ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах талаар тодрууллаа. Тэрбээр, нийслэлийн хэмжээнд оюутнуудын биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, "Улаанбаатар хотын брэндинг"-ийн хүрээнд төсөвлөсөн хөрөнгийн зориулалт, үр дүнг тодорхой болгох шаардлагатай гэв. Мөн Туул голын дагуух үерийн эрсдэлтэй бүсэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүжилтийг хангалттай тусгахыг санал болгов.

Төлөөлөгчид нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн тусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 06:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]