Ministry of Foreign Affairs of Mongolia

07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 05:36

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг томилолтын хугацаа нь дуусаж буйтай холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн найдвартай хөгжлийн түнш болохыг онцолж, Матилда Димовскагийн удирдлага дор хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин тэлсэнд талархал илэрхийлэв.

Монгол Улсын цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, засаглалын шинэчлэл болон тогтвортой хөгжлийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал" медалиар шагнасныг сайд Б.Батцэцэг гардуулав.

Матилда Димовска Монгол Улсад ажиллах хугацаанд ГХЯ-наас нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байсанд халуун талархал илэрхийлээд танай сайхан оронд өнгөрүүлсэн он жилүүд маань ажлын хувьд төдийгүй амьдралын хувьд мартагдашгүй үе байх болно гэв.

Уулзалтын төгсгөлд сайд Б.Батцэцэг Матилда Димовскагийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны "Алтан гэрэгэ"-г дурсгал болгон бэлэглэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 21, 2026 at 11:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]