11/13/2026 | Press release | Distributed by Public on 11/12/2026 21:44
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн удирдах байгууллагуудын хуралдаан эхлэхийн өмнө 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус хүрээлэнгийн захирал, академич Григорий Трубников Монгол Улсын Засгийн газрын Цөмийн энергийн комиссын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдиннямтай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс ЦШНИ байгуулагдсан цагаас эхлэн тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн урт хугацааны хамтын ажиллагааг онцлон тэмдэглэв. Мөн ЦШНИ нь Монгол Улсад шинжлэх ухааны судалгаа, лабораторийн чадавхыг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдлаа.
Монгол Улс цөмийн эрчим хүчийг улс орны ирээдүйн хөгжлийн нэгэн чухал чиглэл гэж үзэж байгаа бөгөөд энэ хүрээнд мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, шинжлэх ухаан, судалгааны чадавхыг бэхжүүлэх, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Энэ хүрээнд ЦШНИ-ийн лабораториуд болон Монголын шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, тус хүрээлэнгийн дэвшилтэт судалгааны дэд бүтцийг ашиглан материал судлал, цацрагийн биологи, экологи зэрэг олон чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх боломжийг хэлэлцэв.
ЦШНИ нь Монгол Улсад цөмийн физик, технологи, тооцон бодох математик, компьютерийн программчлал, электроник, автоматжуулалт зэрэг олон чиглэлийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй Монголдоо судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийхэд хэрэгтэй тоног төхөөөрөмж өгч байсан. Жишээлбэл: 1967 онд нейтроны генератор, 1992 онд микротрон, 2019 онд компьютерийн сервэр суурилуулсан. Цаашид ч Монгол Улсад судалгаа-хөгжүүлэлтийн ажил хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагаа үргэлжлэх нь дамжиггүй хэмээн захирал Г.Трубников амлав.
Уулзалтын үр дүнд талууд шинжлэх ухаан, хүний нөөцийн хөгжил болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, тэргүүлэх чиглэлүүдийг хамтран тодорхойлохоор тохиролцов.
Уулзалтад Монголын талаас ЦШНИ дэх Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч С.Даваа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АМГТГ-ын дарга П.Баянбаатар, ЦШНИ-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хүрээлэнгийн дэд захирал Л.Костов, ахлах эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Неделько, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга О.А.Куликов, Их сургуулийн төвийн захирал Д.Каманин, ЦШНИ дэх Монголын үндэсний бүлгийн ахлагч Г.Ганболд нар оролцов.