Ministry of Foreign Affairs of Mongolia

01/22/2026 | Press release | Distributed by Public on 01/22/2026 20:12

The opening ceremony of the 8th National Winter Sports Games, which aims to develop Mongolian traditional sports with ancient history and pass on customs and cultural heritage[...]

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VIII наадмын нээлтийн ёслол өнөөдөр Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов. Нээлтийн ёслолд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга нарын хүндтэй эрхмүүд оролцлоо. ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням тус наадмыг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү наадам нь эрүүл мэндээ бэхжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, бие бялдраа хөгжүүлэх, багаар хамтран ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын амжилтыг ахиулах болон дэлхий нийтэд Монголын гэсэн спортын өвөрмөц төрлийг нээн харуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн тодотголоо. Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн тамирчин, 17 настай Б.Пүрэвдорж юм. Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь "Уухайн дуу" амралтын бааз гэсэн хоёр газарт нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болж байна. Өмнөх наадам 2022 онд болоход 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 тамирчин цэц мэргэнээ сорьсон бол энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж, өдгөө найм дахь удаагаа болж буй нь энэ. Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 23, 2026 at 02:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]