President of Mongolia

02/18/2026 | Press release | Distributed by Public on 02/17/2026 20:51

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь төрийн тэргүүнд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золголоо.

Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

"Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ,

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант Төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая" хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барив.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Гал морин жилийн өнгийг хэлэлцлээ.

President of Mongolia published this content on February 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 18, 2026 at 02:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]