04/10/2026 | Press release | Distributed by Public on 04/10/2026 04:53
Монголбанк "Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аяныг хамтран оролцогч байгууллагуудын хамт гурван долоон хоногийн хугацаанд хэрэгжүүлж, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хаалтын үйл ажиллагааг Баянхонгор аймагт хийлээ.
Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Монголбанкны Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б.Одонтунгалаг, Хадгаламжийн даатгалын корпорац болон бусад санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.
Тэд энэхүү арга хэмжээний үеэр сурагчидтай хамтран нэг баг болж санхүүгийн мэдлэгээ сорих асуулт хариултын тэмцээнд өрсөлдсөн нь сурагчдын сонирхлыг ихээхэн татсаны дээр тэдний ажлын туршлага, ажил хөдөлмөрийнх нь онцлогоос асууж, нээлттэй харилцан яриаг мөн өрнүүллээ. Түүнчлэн мөнгөө хэрхэн ухаалгаар удирдах талаар лектор Г.Мөнгөн сонирхолтой илтгэл танилцуулж, танхимд хүрэлцэн ирсэн нийт сурагчдын дунд санхүүгийн мэдлэгийг нь сорьж асуулт-хариултын хөгжөөнт тэмцээнийг мөн зохион байгууллаа.
"Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аяны хаалтын арга хэмжээний төгсгөлд уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, шалгарсан сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа.