Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 18:48

МОНГОЛ УЛСЫН ТОМООХОН ТӨСЛИЙН ЭРСДЭЛИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ШАЛГУУР

Монгол Улсын томоохон төслийн эрсдэлийн урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур

Болзошгүй эрсдэл, хямралын менежмент, судалгааны албаны судлаач Д.Мөнхчимэг

Судалгааны хураангуй:

Монгол Улсад төрийн оролцоотой томоохон төслүүдийн тоо, цар хүрээ өсөж байгаа хэдий ч төслийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаас өмнө эрсдэлийг системтэйгээр урьдчилан үнэлэх нэгдсэн тогтолцоо бүрдээгүй байна. Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шинээр тусгагдсан 712 төсөл, арга хэмжээний 74.4% нь хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй/1/ байсан нь үүний нэг илрэл юм. Иймд энэхүү судалгаагаар томоохон төслийн эрсдэлийг концепцийн шатанд эрт илрүүлж, дараагийн шатанд шилжүүлэх эсэхийг нотолгоонд суурилан шийдвэрлэх нэгдсэн шалгуур, аргачлалыг боловсруулахыг зорив.

Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан эрх зүйн шинжилгээ, кейс судалгааг хослуулсан чанарын арга зүйг ашигласан. Олон улсын 6 (Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын стандартын байгууллага, Мянганы сорилтын корпораци гэсэн байгууллагын төслийн урьдчилсан үнэлгээний аргачлалыг Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулан шинжилж, боловсруулсан аргачлалаа Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн баримт бичиг дээр туршсан.

Судалгааны үр дүнд стратегийн нийцэл, эрх зүй, санхүү, өртөг өсөлт, макро эдийн засаг, техник, байгаль орчин, институцийн чадавх, засаглалын эрсдэлийг хамарсан 10 шалгуур үзүүлэлт, 9 стандартчилсан маягт болон Төслийн эрсдэлийн индексийн тоон загварыг боловсруулсан. Индекс 80%-иас дээш бол төслийг дараагийн шатанд шилжүүлэх, 50-79% бол нөхцөлтэйгөөр шилжүүлэх, 50%-иас доош эсвэл ноцтой эрсдэл илэрвэл буцааж дахин боловсруулах шаталсан шийдвэрийн механизмыг санал болгов. Туршилтын үнэлгээгээр уг төсөл 0% индекс авч, санхүүгийн загварт зардлыг 12-66 дахин бага тооцсон, жилийн урсгал алдагдал 8.6 тэрбум төгрөгт хүрч дүүргийн өөрийн орлогын 36.6%-тай тэнцэх, ундны усны хамгаалалтын бүсэд байршсан зэрэг 3 ноцтой эрсдэл илэрсэн/2/ нь аргачлал сул төслийг эрт шатанд шүүн илрүүлэх чадвартайг харуулсан.

Иймд томоохон төслийг дараагийн шатанд шилжүүлэхийн өмнө эрсдэлийн урьдчилсан үнэлгээг заавал хийх зохицуулалтыг бий болгож, аргачлалыг туршилтын журмаар үе шаттай нэвтрүүлэн шалгуурын жин, босго утгыг бодит өгөгдлөөр баталгаажуулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Түлхүүр үгс: эрсдэлийн урьдчилсан үнэлгээ, төрийн хөрөнгө оруулалт, томоохон төсөл, төслийн эрсдэлийн индекс, төслийн бэлэн байдал.

--------------------------------

1Үндэсний аудитын газар (2025). Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт.

2"Үндэсний хөгжлийн хүрээлэн" УТҮГ-ын Болзошгүй эрсдэл, хямралын менежмент, судалгааны албаны судлаач Д.Мөнхчимэгийн хийсэн Монгол Улсын томоохон төслийн эрсдэлийн урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур боловсруулах тандан судалгааны үр дүн (2026).

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 00:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]