01/14/2026 | Press release | Distributed by Public on 01/15/2026 02:29
Төв номын сангаас Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Суурийн Жанцангийн "Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол" I, II боть номын уншлагыг өчигдөр (2026.01.14) зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Их сургуулийн Дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга, Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургуулийн "Хүндэт профессор" Ж.Болдбаатар, доктор (Ph.D), профессор, Дотоод хэргийн их сургуулийн "Хүндэт профессор" Г.Гантөмөр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор, доктор, дэд профессор Б.Мөнхдорж, Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир болон Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн профессор багш нар, "Гэмт явдал судлалын профессорын судалгааны баг"-ийн гишүүд, тэнхимийн дэргэдэх "Гэмт явдал судлал" клубийн гишүүн сонсогчид оролцлоо. Профессор С.Жанцан 1977 оноос хууль зүйн их, дээд сургуулиудад 40 гаруй жил багшлах, сурган хүмүүжүүлэх ажил эрхэлж тагнуул, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүх шинжилгээний байгууллагын 15 мянга гаруй хүний нөөцийг сургаж бэлтгэхэд бие сэтгэл, билэг оюунаа дайчлан ажилласан сурган хүмүүжүүлэгч, Дотоод хэргийн их сургуулийн эрүүгийн эрх зүйн дэг сургуулийг үндэслэгч нэрт эрдэмтэн билээ. Тэрээр 9 хууль зүйн шинжлэх ухааны болон хууль зүйн доктор, 60 гаруй магистр удирдан амжилттай хамгаалуулж, 50 гаруй курс, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, сургалтын гарын авлага туурвижээ. Номын уншлагын үеэр профессор С.Жанцан багшийн шавь нар багшийгаа дурсан халуун дулаан яриа өрнүүлж, "Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол" I, II боть бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэн, агуулга, ач холбогдлыг тодотгон, үйл хэргийг үргэлжлүүлэн хамтран бүтээл туурвих талаар ярилцлаа.